Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Засгийн газрын 2022 оны 350, 371 дүгээр тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог батлан ажиллуулсан. Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Түлхүүр үг батлах тухай” 410 дугаар тогтоолтой уялдуулан “Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээний нэгдсэн хуанли (календарь)” боловсруулсан бөгөөд хуанлийн нэрийг “WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” гэж нэрлэн, түүнд аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 22 арга хэмжээг тусгажээ.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал, спорт арга хэмжээ, боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хуралдаанаар “Монголд зочлох жил 2023” аялал жуулчлалын жилийн хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах 22, бүс орон нутгийн шинжтэй жилийн туршид зохион байгуулах 69, нийт 91 эвэнт арга хэмжээг тодорхойлон Засгийн газрын хуралдаанаар танилцуулж календариа эцэслэв. 2023 онд зохион байгуулагдах 91 эвэнт арга хэмжээтэй холбогдуулан агаарын тээврийн нислэг, галт тэрэгний давтамжийг нэмэгдүүлэх, тийз, тасалбарын үнийн тусгай тариф бий болгох, мөн арга хэмжээний үеэр зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудын бэлэн байдлыг хангуулах, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг төлөвлөн, салбар дундын уялдаа холбоог хангахаар ажиллаж буй гэнэ.