Ээж хайрхан уул

Ээж хайрхан уул нь Говь-Алтайн аймгийн цогт, Алтай, цээл сумдын заагт Монгол Алтайн нуруу ба Говь Алтайн нуруу хооронд орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2274 м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ.

Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин зэгс, хулс ургах болсон. 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг. Эдгээр тогоонууд цөм ижил гарал үүсэлтэй бөгөөд түүний байрлал, орчны гадаргын бичил хэлбэрийг ажиглахад яах аргагүй боржин чулууны ан цавыг дагаж үүсчээ. 8–р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеэс шүтэн хүндлэн дээдэлж, хадаг яндар өлгөн сүслэн залбирч ирсэн. 9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм. Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Нутгийн хүмүүс ламын агуйд ээж уулын лам ижий лам амьдарч байсан хэмээн домоглон ярьдаг. Түүхийн ухааны доктор Д. Очирбат гуай удаан хугацааны турш сурвалжилсаны эцэст Хоовог сайрын торгууд гаралтай Равдан гэгч хүн 1923 оноос эхлэн нэлээн хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд 93 зүйл ургамал тархсан байдгаас гадна аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул зэрэг ховор амьтад элбэг байдаг.

Бурхан буудай уул

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нэлээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй.  Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөдөр Бурхан буудай хэмээгдэх болж, эртнээс шүтэж ирсэн уламжпалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.  Бурхан буудай уул нь Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын үндсэн гурван маршрутын хоёрдугаар чиглэлд багтсан байна.

Сутай хайрхан уул

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хамаарах хайрхан юм. Ноён оргил Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд Сутай хайрхан уул 60 км сунаж тогтсон. 2000 онд Сутай хайрханд уулчин авирч энэ өндрийг тогтоосон. Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өвөрт байх нэг бага шиг өндөрлөг дээр эрт үеэс тахиж ирсэн Их овоо бий. 2007 оны 7-р сарын 26-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон бөгөөд 2008, 2012, 2016 онуудад үйлджээ. Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугийг тэтгэдэг. Сутай хайрханы тухай олон янзын домгууд бий. Тэдгээрээс өгүүлбэл, Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэг хэсэг болон Баатар хайрхан уулын зүүн талд урган тогтсон ажээ. Эрт цагт хүмүүс уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан нь он цагийн аясаар “Сутай” болон хувирчээ. Өөр нэгэн домогт, Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны нэгэн ард нутгийн олноос цөөн тооны хонь худалдан авч өсгөөд хот дүүрэн хоньтой болжээ. Энэ явдлаас үүдэн Сутай хайрханыг ерөөхдөө “халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан Алтай юм аа” гэж хэлдэг болжээ. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ.

Сутай хошууны бөх Жамбал 1920 оны үед Хойд голд тарьсан тариагаа усалчихаад Мөрөнгийн хөндийг өгсөж явахдаа Даачингийн аманд цагаан цэргийн дээрэмчидтэй дайралдаж арваад цэргийг морин дээрээс нь гуд татаж байгаад хүчинд автан баригдаж Цагаан арын суурин хүртэл 10 гаруй км моринд чирэгдэн ирж цагаан цэргийн гарт амь үрэгдсэн байна. Энэ бөхийн гуталтай хөл Тайжийн хар гэдэг газарт байсантай дайралдсан нэгэн төвд шинжээч “Сутай уулын модтой зоо, Мөрөн голын усыг дагаж тэнхээтэй бөх төрдөг нутаг байна” хэмээн өгүүлжээ.

Цагаан голын хадны зураг

Говь-Алтай аймгийн Наран сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зураг бий. Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Зөвлөлтийн судлаач В.В.Волков, Э.А.Новгородова нар нягтлан лавшруулжээ. Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын нь ханан хаднууд цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толигор хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий. Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд илэгдэж бараг мэдэгдэхгүй болжээ. Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм.

Энд бас нум сумтай хүнийг санагдуулам тамга, урт бүс, жадтай хүн, буга, янгир, урт биетэй морь, толгойгоороо холбогдсон ямар нэг хоёр том амьтан, далавчаа дэлгэсэн шувуу, сүүлээ унжуулсан том үүдтэй амьтан зэргээс гадна олон тооны чухам юуг дүрсэлсэн нь мэдэгдэхгүй зураг, зураасууд нэн элбэг аж. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой. Бас жад барьсан хоёр хүн, түүний орчин дахь дүрслэлүүд анхаарал татдаг. Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Хадны доод талд хоорондоо холбоотой таван морийг ямар нэгэн зүйл татаж байгаа байдалтай түүний зүүнтэй олон морьд, амьтдыг ямар нэгэн холбоосоор холбосон зураг байх агаад энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хэгээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандинавын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.

Монгол элс

Говь-АлтайЗавхан аймгийн нутгийг дамнан орших 300 км үргэлжилсэн 3000 орчим ам дөрвөлжин км талбай эзлэн орших Монгол Элс нь манай улсын хамгийн том элсэн тарамцаг юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг хоорондоо ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт ЭрээнАжигСангийн далайГүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ. Монгол элсэнд элсний бэлчээрийн үндсэн ургамал болох хар, цагаан суль нь хур бороо, ган гачигаас үл хамааран зөвхөн хөрсний чийгээр ургадаг онцлогтой. Иймээс ч нутгийн ард иргэд Монгол элсийг ган зудын аюулаас хамгаалдаг хэмээн их шүтдэг.

Хасагт хайрхан уул

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хасагт Хайрхан бол Алтайн гол нуруунаас Шарга, Хүйсийн говиор тусгаарлагдан нилээд зайдуу оршихын дээр Хангайн уулархаг мужид арай ойр дөт боловч бас л Завхан голын уудам хөндий, Гүзээн- Тээлийн буурц хотгороор тусгаарлагдана. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ. Хасагт Хайрханы ноён оргил Хасагт Богд уул (3578 м), түүний залгаа Дунд Хасагт Хайрхан (3471 м), Зүүн Хасагт Хайрхан (3540 м) байхад Гурван Богдын нурууны Богд (3200 м), Дунд Богд (3522м), Зүүн Богд (3340 м) өндөртэй байна.

Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт Хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан ховор амьтад нутаглана. Монгол улсын улаан номонд орсон буга, суусар, аргаль, янгир, хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг. Иймч учраас дархлан хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга янгирын тоо өсөж байна. Хөрс ургамалжилтын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Гол ноёлогуудын оройн хэсэг өндөр уулын бүслүүрт багтах ба энд хөвдөт, хөвд-хагт уулын царам, бушилз-улалжит нуга, өвс ургамал ховортой нураг асга ээлжлэн оршино. Ар хажуу дагуудаа нилээд ойтой. Тухайлбал Хасагтын нурууны арын Улиастай, Аяга, Шанага, Цорго, Дэвхрэг, Хавчиг, Хуст, Цэцэрлэг, Согоот, Ар Хорго голуудын эхэн, дунд биеэр шинэсэн ой, Тэмээн хүзүү, Цагаанчулуут, Шатын эх, Битүү, Хорго, Зүүн хойт Улиастай голуудын эхэн, дунд саваар хэсэг бүлэг шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Ойд үхрийн нүд, тошлог гэх мэт жимсний бутнаас гадна жамъянмядаг, сэржмядаг, шар, хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, дэгд, бамбай, сөд зэрэг цэцэгт ургамал, уулын хээрт агь, дааган сүүл, ерхөг, хиаг, хазаар өвс, нугын шимтэглэй, гишүүнэ, таван салаа, тарваган шийр, гичгэнэ зэрэг ургамалтай.

Аж богдын нуруу

Алтай сумын нутагт орших Монгол Алтайн нурууны салбар уул бөгөөд хамгийн өндөр оргил нь Хүрэн товон далайн төвшнөөс дээш 3802 метр өндөр. Аж богдын нурууны өврөөс Индэр, Гишүүнтэй, Их гол, ар талаас нь Урт, Дөрөлжийн голууд эх аван урсдаг. Уулын хүрэн, цайвар хүрэн, говийн бор, хужир мараат, цөлийн бор саарал хөрстэй. Үет, буурцагт, бутлаг ургамал буюу ерхөг, хялгана, нарийн цагаан өвс, тэсэг, шөвөг, ортууз, агь, гогд, гоньд, тоорой, сухай, заг, гандигар, торлог, шар мод, харгана, баглуур, бударгана, таана, хүмүүл зэрэг ургамал голлон ургадаг. Аргаль угалз, янгир, хавтгай, хулан, хар сүүлт зээр зэрэг амьтадтай. Ууландаа зун 116-138 миллиметр хур тунадас унадаг. Алтай сумынхан сүү цагаан идээг сайн боловсруулдаг бөгөөд түүн дотор Аж богд уулынхаа нэрээр нэрлэсэн Ажийн бор хэмээх ааруул нь тун амттай.

Эрээн нуруу

Эрээн нуур нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манхнаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг. Далайн түвшнээс дээш 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбайтай. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манхны цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус тув тунгалгаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг гэлцдэг. Нуураас баруун тийш 6 км зайд танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур элсэн манхнаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий болон арын их элсэн манхны орчинд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Урин дулаан цагт олон зүйлийн усны шувууд нуур усанд нь цуглаж, орчин тойронд нь таван хошуу мал багширч нуурын үзэсгэлэнг улам нэмдэг.

Байгалийн содон тогтоц болох Эрээн нуурын тухай дотоод гадаадын гийчид шагшин магтахын зэрэгцээ 10 гаруй дуу, шүлэг зохиосноос нутгийн уугуул СГЗ, яруу найрагч Д.Лхагвасүрэнгийн шүлэг, УГЖ Л.Тэрбишийн хөгжим “Эрээн нуур” дууг УГЖ Г.Жанчив, УГЖ Д.Банзрагч нар дуулж олон түмэнд дэлгэрүүлсэн билээ.

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд Цээлийн загас өртөөлөн наадсан Цэлэлзэх мандал нь мөнгөрөн бидэртээд Цэнгийн нүүдэл хоргодрн чуулсан ….

Эрээн нуурын эзэн нь хоёр хөөрхөн хүүхэд байдаг хэмээн домоглодог. Өглөө эртийн нарнаар торгон элсний хаяан дээр тоглож байгаад хүний бараа харангуут нуурандаа ус цалгиулан инээсээр ордог гэнэ. Тэр хоёр хүүхдийг харсан хүнд үрийн заяа, аз хийморийн лундаа оршдог хэмээн бэлгэшээнэ. Өөр нэгэн хууч ярианд, Эрээн нуур, Их Монгол элсэн манхныг ороо морь, хурдан морины савдагтай хэмээдэг. Их Монгол элсэнд нутагшин байрлаж Эрээн нуурын уснаас ундаалж хээрийн онгон салхинаас өөр юу ч нуруундаа хүргээгүй атар онгоноороо давхилдах Шувуун хээр гэдэг азаргатай 40 орчим зэрлэг адуу энэ их элсэнд байсан хэмээн нутгийн хөгшид домог болгон ярьдаг. Нуурыг түшиглэн Эрээн нуур жуулчны бааз ажилладаг. Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулнаас 145 км-ийн зайтай.

Шаахар толгой

Чандмань сумын төвөөс 40-өөд км-н зайд орших Шаахар хэмээх жижиг хадтай толгойн зүүн урд энгэр дэх хад ан амьтан, аргаль, янгир, буга, хандгай, эртний анчид болон овог аймгуудын тамга, тэмдэг зурлагаар нэн баялаг. Мөн энд эртний түрэг бичгийн дурсгал ч бий. Энд хадны сийлмэл зурагт тохиолддог бүх дүрслэл байх ба онцлон авч үзвэл олноороо ан хийж буй анчдын дүрслэлд бүгд толгойдоо нэгэн адил арагш унжсан малгай өмссөн өөр хувцасгүй байгаа нь цэрэг эрсийг дүрсэлсэн байдалтай. Чоно, ирвэс сүүлээ өргөн харайж ан амьтныг хөөж буйг бодитой дүрсэлжээ. Шаахар толгойн хадны зураг нь олон үеийг хамарсан сэдэв, агуулгатай цаашид судалгаа хийх дурсгал юм гэдгийг нутгийн хөгшид ярьдаг.

Харандаа хад

Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвөөс 3 км зайд Тайширын хомбого толгойд орших энэхүү хад нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсацаас үүссэн өвөрмөц тогтоцтой, 5-6 талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой юм. Чулуун баганы хамгийн өргөн нь 125-130 см хүртэл бөгөөд өргөн нь 80 см хүрдэг байна.

Бичигт хад

Эл дурсгал (Бүтэн нэр нь Баян-Айрагийн бичигтийн хадны бичээс) нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс 17км зайд оршино. Бичигтийн хавцлын төв хэсэгт ёроолоосоо аваад оройгоо хүртэл хадны зурагтай хэд хэдэн өндөр хадтай бөгөөд эдгээр зургуудыг судалсан археологич Д.Дорж, Э.А.Новгородова нар гурван хэсэг болгон авч үзэж судалсан. Нэгдүгээр хэсэг буюу Бичигт хад-1 хавцлын тэхий гүнд, хоёрдугаар хэсэг Бичигт хад-2 нь дараагийн уулын хаданд, Бичигт хад-3 нь хоёр дахь хадны зурагнаас 100 орчим метрийн зайд орших ууланд бий.

Хэмжээгээр нэг их том биш, хадны зураг нь цөөхөн. Энд янгир, аргаль, морьтой болон нум сум агссан хүн, хэсэг мал тууварчид зэргийг дүрсэлжээ. Уулын чанх оройн нэгэн багахан хаданд морь унасан нэг хүн, моринд сундалсан өндөр нам хоёр хүн, богино эвэртэй лагс биетэй аргаль янгирыг харваж байгаа харваач, мөн янгир агнаж байгаа нум сумтан, түүний хажууд үл мэдэх нэгэн том биет амьтан, түүний толгойн харалдаа салаа эвэртэй төстэй дүрс гаргажээ. Бичигт хад-1-ийн зурагнууд дотор нэлээд хожуу үеийн үеийн гэмээр бие биеэ харваж байгаа байрын морьтон, хүн, явган харваачдын зураг бас бий. Бичигт хад-1, Бичигт хад-2 хоёрын хоорондох ахархан зайд сийлмэл зурагтай хад чулуу хэд хэд бий. Эндээс буга, янгир, морьтон, нумаа онилсон анчин гэх мэтийн дүрслэлүүдийг үзэж болно. Амьтны гайхалтай сонин дүрс, морь унаж модны бүдүүн үндэс маягийн зүйл дүүрсэн хүн, томоос том зүйл гартаа барьсан хоёр морьтон, хоёр чихтэй малгай өмссөн хүн тэнд бас тод харагдана.

Энэ нь эндэхийн хамгийн их зурагтай хэсэг юм. Ихэнх зургууд нь давхардаж, бие биенийхээ дээрээс зурагдсан олон тоотой нь он цагийн хамаарлын харилцан адилгүйг харуулна. Тухайлбал буга, янгирын харласан зурагны дээр давхарлан нэлээд хожуу үед холбогдох нум сумтай хүмүүс, янгир зэргийг ихэд нарийн хэд загвартайгаар зурсан байх жишээтэй. Мөн хожуу үеийн буюу тод зурагнуудад морь унасан, нум сум барьсан, ар тал руу тогосны өд мэт зүйл унжсан өндөр шовгор малгай бүхий хүмүүсийн зургийг хамааруулан үзэж болно.

Эндэх зурагнууд дотроос хамгийн түгээмэл нь бугынх ажээ. Зарим буганы эврийг шовх босоо болон хэд хэдэн салаа үетэйгээр зурсан байхын зэрэгцээ шулуун шугамаар тоймлон дүрсэлсэн бугын зураг ч байна. Ийм зураг нь юуны ямар нэгэн тамгыг санагдуулна. Бүрх малгай өмсөж, морин дээр зайдан суусан нэгэн морьтны зураг нэлээд өвөрмөц аж. Морь урт чихтэй, хөлөө нугалан давхиж яваа байдалтай, хазаар ногттой байгаа нь хожуу үед зурагдсаныг илтгэнэ. Энд байгаа хамгийн сонирхолтой зураг нь хадны өмнөд этгээдэд байх бөгөөд мэдэгдэм юм. Олон морьтон, янгир, нум сумтай хүмүүсийн дунд их бүдэгхэн хар бор өнгийн нэгэн тэрэгний зурагнаас гадна гурван янгир мөн тийм өнгөтэй байна. тэрэгний зурагнаас хэдэн метрийн зайд мөн ижил өнгийн буга, нохойн дэмтэйгээр буга агнаж байгаа байдлыг харуулсан зураг байх бөгөөд он цагийн хамаарлын хувьд тэрэгний зургийг нэлээд том тэвш, хигээсгүй хоёр дугуй, тэдгээрийг холбосон голтойгоор ихэд тоймлон дүрсэлсэн байх агаад хоёр морь хөллөжээ. Эгц дээрээс нь харж байгаа байдлаар зурсан нь уг тэрэгний зургийн судалгааны ач холбогдлыг нээн харуулна. Энд мөн дундаа хэрээст дугуй, өргөн туурайтай бүдүүн морьдыг дүрсэлсэн зураг байна. Хамгийн хожуу үеийн зураг нь нүднийхээ хооронд цэгтэй, ооч сахалтай, жижиг шовгор малгайтай хүний толгойн хэсгийн зураг юм.

Эндэхийн хадны зургуудаас хамгийн сонирхолтой нь ан амьтдыг хашиж, хөөж, отож, агнаж /үргээлгэ/ буй байдлыг харуулсан хэсгүүд юм. Ийм төрлийн гурван хэсэг зураг байна. Эхний хэсэгт янгир, аргаль, тэмээ, хүнийг ялгагдахуйц дүрсэлж, үргээлгийн гарцны дэргэд нум сум барьсан хүн, сүрэг адуу, мөн ямар ч зэвсэггүй нэгэн хүнийг зуржээ. Нөгөө талаар нь давхиж яваа сүрэг ан амьтан, тэдгээрийг үргээж байгаа хүнийг дүрсэлжээ. Үүнийг эртний анчдын ан агнахдаа хэрэглэж байсан үргээлгийн сонгодог аргыг харуулж чадсан зураг гэлтэй. Хоёр дахь хэсэгт нэг чиглэлд давхиж яваа хэсэг янгир аргалийн зураг байх бөгөөд нэг ч хүн, морь алга байна. Зөвхөн үргээлгийн байдлыг дүрслэхдээ хэрэглэдэг зураасыг зурсан нь уг зурагт үргээлгийн байдлыг үзүүлэхийг зорьжээ гэдэг дүгнэлтэд хүргэж болмоор.

Гурав дахь хэсэгт харилцан адилгүй гурван хэсэг хүрээн дотор хэд хэдэн янгир, аргалийн заримыг нэг чигт, нөгөө заримыг нь өөр чигт хандуулан дүрсэлсэн байна. Хүрээний дээд өнцөгт гурван үл мэдэх амьтан байх бөгөөд байдлаас нь сайн харахад морь унаж тэргүүндээ өд хатгасан малгайтай хүн, бүдүүн хэвлийтэй ямар нэгэн амьтан, гурав дахь нь нэг харахад хүн ч юм шиг нөгөө бодлын шувуу ч юм шиг дүрсүүд байх ажээ. Мөн хүрээний доод талд хөлийг нь дээш харуулан дүрсэлсэн хоёр амьтныг зураг буй. Хоёулангийнх нь биеийг уртавтар байдалтай дүрсэлсэн бөгөөд нэгийг нь бугынх шиг салаа эвэртэй, нөгөөг нь урт чих, том ам, том сарвуутай, урт бүдүүвтэр сүүлтэйгээр дүрсэлжээ. Археологич Д.Дорж нарын зэрэг судлаач нар энэ зургийг ан ав амжилттай болсныг харуулсан зан үйлийн зураг хэмээн үзжээ. Бичигт хадны энэ бүх зургуудын ихэнх нь хүрэл зэвсгийн эрт, дунд, хожуу үе болон төмөр зэвсгийн түрүү үед холбогдоно.