Говь нутгийнхны тэмээнд түшиглэсэн уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчид малчдаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөн хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 оноос хойш тэмдэглэж иржээ. Тус баярыг жил бүрийн 3-р сад зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд 3-р сарын 5-7 ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Булган сум болсон. Баярын үйл ажиллагаа Даланзадгад хотын наадмын морь барианы талбайд “Тэмээтэй парад жагсаал”-аар эхэлж, Шилмэл тэмээний дуудлага худалдаа, тэмээн поло тэмцээний тоглолт, тайлаг тэмээний бооцоот уралдаан, “Тэмээ-Миний найз” гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн, үндэсний хувцастай хос, тэмээгээ гоёл чимэглэээр чимсэн иргэдийн гоё тэмээтэй сайхан хос тэмцээн, мөсөн шагайн харваа, нас бие гүйцсэн атан тэмээ, хоёр наст тэмээ буюу торомны уралдаан, урлагийн тоглолт зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдтэй байлаа. Мөн тус баярт Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчин, нийт 3000 гаруй зочин төлөөлөгч, аялагч, жуулчин оролцжээ. Үүнээс 100 гаруй жуулчин, Улаанбаатар хот, бусад аймгаас 500 гаруй, орон нутгаас 2500 иргэн хүрэлцэн ирсэн байна.