Говь гурван сайхан

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно. Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай.

Ёлын ам нь Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй болохоор ийм нэр авчээ. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнх хэсгийн мөс нь хайлдаг болсон. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Энд арц их ургадаг. Өглөө эрт эсвэл орой үдэш очвол янгир, аргаль, ёл шувуу зэрэг ховор амьтдыг үзэх боломжтой. Ёлын ам нь Даланзадгадаас баруун хойш 45 км-т байрладаг.

Мухар шивэртийн ам нь Говь гурван сайхан ууланд байдаг. Зуны халуунд ч мөстэй хэвээр байж гадна дотноос ирэх зочид гийчдийн анхаарлын төвд байдаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Та бүхний харж байгаа шиг хавцлын өндрөөс урссан ус нь мөс болон хөлдсөн уулын амны мухарт орших ам юм.

Дүнгэнээ хавцал нь Баяндалай сумын нутагт Говь гурван сайхан ууланд байдаг.

Нэмэгт, Хэрмэн цав

Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ. Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг.

Он цагийн аясаар элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар харагдана. Тэрхүү хананд үлэг гүрвэлийн яснууд цухуйн харагдах нь гайхамшигтай. 1960-1970-аад онд Зөвлөлт, Польшийн эрдэмтэд Монголын эрдэмтэдтэй хамтран хэд хэдэн удаагийн малтлага зохион байгуулж дэлхийд алдаршсан олдворуудыг олж байжээ. Тус газрын нэрээр Нэмэгтзавр хэмээн нэрлэсэн махчин үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр ч алдартай хэвээр байна. Нэмэгтийн хөндий, Нэмэгт уулыг “лууны булш” гэж эрдэмтэд нэрлэх нь бий. Гэвч Нэмэгт уулын дээд давхаргаас тийм ч амархан олдвор олдохгүй болжээ. Учир нь аль хэдийнэ эрдэмтэд малтаад “цэвэрлэчихсэн” юм. Харин доод давхарга руу гүнзгий малтлага хийвэл ямар ч юм гарч ирж магадгүй хэмээн судлаачид хэлэлцдэг. Нэмэгтийн хөндийд болон ууланд говийн унаган мод заг ургадаггүй бөгөөд ургамалжилт бараг байхгүй гэж хэлж болно. Тэнд үл мэдэг манан татсан байх нь харагдах бөгөөд энэ нь борооных биш тоосонцрын манан ажээ. Яах аргагүй их говийн гүнд очсон мэт санагдана. Хэрмэн цав: Өмнөговь аймгийн нэгэн сонирхол татахуйц, гайхамшигт газруудын нэг. Хэрмэнцав нь Өмнөговь аймгийн хамгийн баруун захад оршдог бөгөөд аймгийн төв Даланзадгад хотоос 460 км-т оршино. Гурвантэс сумаас баруун тийшээ 150км зайтай байдаг.

Хэрмэнцавын тогтоцын хувьд авч үзвэл олон зуун сая жилийн салхи шуурга, дунд ба шинэ төмөрлөгийн эриний тэнгис далайн усны элэгдлээр бий болсон 250км2 талбайг хамарсан 100-200м орчим өндөр, 10 км үргэлжилсэн дтдээш 1000м өндөртэй, том ангал цавуудыг үүсгэсэн асар том эрэг ганга билээ. Хэрмэн цавын эхэнд нутгийнхны цагдаа толгой гэдэг 10 м өндөр цонж бий. Зарим хүмүүс Харуул толгой гэх ажээ.

Хэрмэн цав нь ямар ч амьдралгүй мэт байх ба үүгээрээ хүмүүсийн айдсыг хүргэдэг. Хэjмэнцавын адагт баянбүрд бий. Хэрмэнцавын ойр хавьд буюу 70-80 км радиуст айл байхгүй, хүнгүй зэлүүд нутаг юм. Хэдийгээр координатыг нь тогтоосон боловч түүнд хүрэх зам нэлээн бүрхэг. Ганц удаагийн элсэн шуурганд замууд нь алга болсон байдаг. Зyны улиралд заримдаа маш халуун, +40-+50 хүрнэ. Агаарын хэмийн энэ их халуун машиныг их халаадаг. Сул хөрстэй учраас машин техникийн туулах чадварыг алдагдуулж байсан хэмээн нэгэн судлаач бичсэн байдаг. Тиймээс цэвэр усны нөөцөө базаагаад, хоол хүнс сайтай, холбоо барих техник хэрэгслэл, тоног төхөөрөмж бэлтгэж явах нь чухал.

Хэрмэнцавыг зарим судлаачид “Өөр ертөнц”, “Эртний тэнгисийн ёроол”, “Сөнөсөн тэнгисийн ёроол” гэх мэтээр нэрийдсэн байдаг. 1965 онд Хэрмэнцаваас холгүй зүүн тийшээ 70км-т орших Алтан уулын өврөөс Махан идэшт гүрвэлийн дэлхийд хамгийн томоор тооцогдох цорын ганц олдвор болох 78 сая жилийн тэртээд амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олдсон.

Хэрмэн цав нь үлэг гүрвэлийн олдворуудаараа алдартай. Хамгийн гол нь Хэрмэн цаваас эртний үлэг гүрвэлүүдийн яс нь бүтнээрээ олддог учраас шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон. Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа. Заг, хайлаас, тоорой ургахаас гадна, говийн унаган мөлхөгчид болох замба гүрвэл, нохой гүрвэл элбэг тохиолдоно. Хонхор маягийн газар бөгөөд орох “хаалга” хоёр байдаг гэгддэг, Төөрөх, магадлал өндөртэй, зундаа айхтар халуун газар тул “Үхлийн цав“ гэж ч бас нэрлэдэг.

Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

Баян заг

Дэлхийн байгалийн долоон гайхамшигт нэр дэвшиж буй Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Улаан эрэг” гэдэг нэрээрээ илүү алдаршсан газар. Энэхүү газарт 1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн экспедицийг ахлан тус нутагт ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод улбар өнгөөр Улаан эрэг хэмээн нэрлэжээ. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн шавар гэхчлэн нэрлэх энэ газар Төв Азийн экспедицийнхний баримт материалд Шавар ус гэсэн нэртэй гарах ба заган ойгоор нь Баянзаг ч хэмээдэг байна. Улаан-Эрэг бол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай бөгөөд улсын хамгаалтанд орсон түүх, соёлын үл хөдлөх дурсгал яахын аргагүй мөн билээ. Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 орчим км. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ. Баян Заг нь дэлхийн амьтан, ургамлын түүхэнд чухал байр суурь эзлэх, нэгэн үеийн томоохон төлөөлөгч болох, одоогоос 60 – 100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн өлгий нутгийн нэг билээ. Эндээс дэлхийд хамгийн анхны, доторхи хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгнүүд олдсон нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм. Энэхүү алдарт нээлтийг хийсэн Америкийн Байгалийн түүхийн музейн нэрт судлаач Рой Чепмэн Эндрюсийн удирдсан Төв Азийн шинжилгээний багийн байрлаж судалгаа, шинжилгээгээ явуулж байсан газрууд, үлэг гүрвэлийн анхны өндгийг олсон газар зэрэг нь түүхийн нэн чухал дурсгалт газарт тооцогдох нь зүйн хэрэг билээ. Баянзаг нь говийн гол төлөөлөх амьтан, ургамал, шувуудын ихээхэн нөөцтэй. Үүнээс ховор болон ашигт голлох ургамлаас дурьдвал томоохон модлог ургамлын төлөөлөгч заг, Монгол улсын Улаан номонд орсон Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо ургадаг гол бүс нутаг юм. Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь говийн экосистемийн тэнцвэрийг хангахад ихээхэн нөлөө бүхий паразит ургамал бөгөөд түүний эмчилгээний чанар нь нэн өндөр, ховор ургамал юм. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү ургамлыг их хэмжээгээр хууль бусаар олборлон БНХАУ руу гаргасаар байна. Түүнчлэн Монголын “Улаан ном” – д бүртгэгдсэн ховор шувуу Хулан жороо, Хонин тоодог, Цөлийн зэржигэнэ зэрэг шувуудын амьдран оршдог нутаг дэвсгэр юм. Зөвхөн эдгээр ховор шувуудыг харахаар Герман, Япон, Америк, Английн шувуу судлаачид, сонирхогчдын олон групп энэ нутгаар аялсаар байна.

Галбын говь

Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамрах Галбын говь юм.  Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай бөгөөд нутгийнхан “ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Монголын зүүн өмнөд говийн үндсэн шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан дэлхийд ховор хулан, хар сүүлт, аргаль янгирын гол байршил нутаг бөгөөд Монголын жинхэнэ говийн байгалийн иж бүрдэл, газарзүйн өвөрмөц төрхийг хамгаалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор дархлан хамгаалж улсын тусгай хамгаалалтанд авсан.

Галбын говийн унаган төрх аль хэдийнэ алдагдаж, Оюутолгойн ордыг түшиглэн суурин газрын шинжтэй болж өөрлчлөгдөн Галбын говийн алтарсан сайхан улаан шаргал өнгө нь аль хэдийнэ гундаж эхэлжээ. Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр газрыг хамарна. Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө. 2007 онд говийн нутгаар аялсан Америкийн зохиолч Маркисийн номд “Галбын говь”-ийн тухай “Монгол хэмээх гайхамшигт орон, Галбын говь хэмээх элсэн манхан надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Дэлхийн олон орноор аялж, адал явдлынхаа тухай бичихдээ ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй юм
байна” гэжээ.

Дархан газрын ихэнх нутгийг элс, хужир, марз, заган ой бүхий уудам хотгор хоолой газар эзлэх тул ерөнхийдөө талархаг байдалтай. Галбын говийн зүүн хойд хэсэг уудам хоолой нь дотроо Амтгай, Сухайт, Цавчим, Гүн Сухайт зэрэг бага зэрэг тусгаарлагдмал хотгоруудаас бүрдэх ба эдгээр нь эртний нуурын хурдас тойром байдалтай оршино. Эдгээрийг хүрээлээд заг, бутлаг ургамал бүхий бүрхэвч элс, хармагийн довцог элбэгтэй. Эдгээр нь салхин гаралтай элс бөгөөд ихэвчлэн сөөглөг, өвслөг ургамлаар бага зэрэг бэхлэгдсэн нүүлт хөдөлгөөн багатай, бэлчээрийн ач холбогдолтой элс юм. Үлдсэн хэсгийг Говь Алтайн уулсаас саланги тусгаар орших бэлэрхэг нам уулс, цав толгод эзлэх ба эдгээр нь элэгдэл эвдрэлд гүн автсан, харьцах өндөр багатай, агуй хонгил элбэгтэй, хад чулуурхаг, говь цөлийн бартаа ихтэй уулсын нэгээхэн хэсэг болно.

Галбын говийн хэсгээр бударганат, загт бүлгэмдэлтэй. Талархаг газраа баглуурт, мөнгөн хайргат, бор бударганат цөлийн ургамалшилтай. Мөн хотгор дагуу хужир мараалаг байх бөгөөд элсэрхэг хэсгээр заган ой ихтэй. Энэ хэсэгт заган ойн 4-5 томоохон тархац нутаг бий. Хярс, мануул, чоно, үнэг, өмхий хүрэн байхаас гадна агнуурын ач холбогдолтой ногтруу, хахилаг элбэг байдаг. Монголын зэрлэг адуу хулангийн 50% нь энэ нутагт байршин нутагладаг.

Ноён Богд, Толь хад

Аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Бая­сах баг орчим, мөн Ноён су­мын Толь хад, Ноён богд Саран хөндийн орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нут­гийн тус­гай хамгаалалтад авчээ. Учир нь тус бүс нутагт байгалийн үзэсгэлэнт Толь хад зэрэг газар байдаг. Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг. Дуут манхны урдуур нь дүнхийх Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул “хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг.

Ааштай хэмээн адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь Ноён хэмээн уул болон үлджээ.

Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.

Алгуйн улаан цав.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших 1375-1695 метр өндөртэй, 40-60 км урт үргэлжлэн тогтсон улбар ягаан өнгө бүхий өвөрмөц уул, хярууд байдаг нь Алгуйн улаан цав юм.

Өмнөговь аймгийн төвөөс зүүн хойш 140 км зайд оршдог Алгуй улаан цав зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийд алдартай баян тансаг түүхийн өлгий. Их бага улаан цав, Сүм хайрхан, Алгуйн шил, Зүүн уушигийн хяр гэх зэрэг цогцолбор уулсаас бүрдэх энэ газар Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны нутаг Улаан цав уул бол эртний их далайн усны ёроол байсан гэдэг. Энэхүү цав нь улаан өнгөтэй цонж өндөрлөг шаварлаг хавтгай чулуудаас бүрддэг. Баруунаас зүүн тийш хошууран тогтсон уул бөгөөд улаан цавд эртний динозаврын яс, чулуужсан өндгүүд хадгалагдан үлдсэн байдаг.

Энэ бүс нутгийг динозаврын өндөгний цэцэрлэг ч гэж хэлдэг. Учир нь Алгуйн улаан цаваас динозаврын чулуужсан өндөг хэдэн зуугаар хэмжигдэхээр олон олджээ. Эрт цагт тухайн улаан цавын хоёр хамрыг дамнасан том динозаврын яс байдаг байсан тухай нутгийн иргэд батлан ярьдаг байна.

Алгуйн улаан цавын үргэлжлэл болох Алгуй гэж хадархаг зам нь нэлээн адармаатай уул залган байрладаг. Энэ уулын урт болоод өргөн нь хааш хаашаа 10 км үргэлжилнэ. Тус өвөрмөц тогтоц бүхий улаан цав, уулсын зүүн ар биед “Ар дөрөө”-нүүд гэж нэрлэх үзэсгэлэнт ам хавцал, хадан таг, хадан мөргөцөг бүхий үзэсгэлэнт газрууд олон байдаг. Алгуйн хярыг нутгийнхан нь “Шил” хэмээн нэрлэдэг.

Энэ ууланд ховор боловч говийн бүх төрлийн ан амьтан, ургамал бий. Дэлхийд хосгүй яншил зандан, усан үзмийн бут, тошлой зэрэг жимс ургадаг. Алгуй улаан цавын нэг үзэсгэлэнт хэсэг бол Сүм хайрхан буюу Сэрвэн уул яах аргагүй мөн. Энгэр талаасаа их сүрлэг энэ уул орчиндоо ганцаараа хадат уул бөгөөд мөн ар өвөртөө олон таг, ам хавцалтай. Алгуй улаан цавын цор ганц булаг ус нь энэ ууланд байдаг. Алгуй улаан цавын зүүн биед Монголын их хаадын нэг Тогоонтөмөр хааны амьдралтай холбоотой түүх агуулсан Хотын хөх, Тээрэм толгой гэх түүхэн газар бий. Мөн сумын ойролцоо Дугшихын хөндийд Тогоонтөмөр хаан амьдарч эрт үед амуу будаа, олсны ургамал тариалж байсан гэдэг. Алгуй улаан цавын цогцолбор газрыг Тогоонтөмөр хааны амьдарч байсан суурин газрын нэрээр Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэгд оруулсан бол Мандал-Овоо сум Улаан цавыг сумынхаа 9 гайхамшгаар өргөмжилжээ. Харин Цогт-Овоо сум Сүм хайрхан уулыг сумынхаа 9 гайхамшгаар өргөжилсөн байдаг. Алгуй улаан цавын гол орой дээгүүр Их хүрээ, Бээжинг холбосон шар зам давж өнгөрдөг байжээ.

Улаанбаатар, Дундговь аймгаас Өмнөговь аймгийг зорин ирэх жуулчдын замд тус цогцолбор газар байрладаг. Монголын говийн зорин ирж буй аялагчид, жуулчид зайлшгүй үзэх байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхийн арвин их баялагтай газар билээ.

Хонгорын элс

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Их Сэврэйн уул, Зөөлөнгийн нурууны араар, Баян бор нурууны урдуур үргэлжлэн тогтсон, Улаанбаатараас баруун урагшаа 650 км, Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун хойш 216 км, Сэврэй сумын төвөөс зүүн хойш 35 км зайд Говь Гурван сайханы Байгалийн цогцолборт газарт Хонгорын их элсэн манхан оршино. Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно.

Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.

1993 оноос гадаад дотоодод өргөнөөр сурталчлагдаж 1997 онд Японы Жайка төслөөс боловсруулсан “Монгол улсын аялал жуулчлалын мастер” төлөвлөгөөнд говийн аялал жуулчлалын хамгийн гол цэгийн нэгээр тэмдэглэгдсэн Хонгорын элсний орчинд эдүгээ 4 жуулчны бааз, орон нутгийн олон иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж монголын аялал жуулчлалын хамгийн гол маршрут, зорих газрын нэг болж жил ирэх тутам ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Хонгорын элсний урдуур орших Хатан Сэврэй уул нь Монголын болон дэлхийн “Улаан ном”-д бүртгэгдсэн Цоохор ирвэсийн өлгий нутаг бөгөөд Монголын “Улаан ном”- д бүртгэгдсэн ховор шувуу Алтайн хойлог мөн энд амьдардаг билээ. Хатан Сэврэй уултай залган үргэлжлэх Зөөлөнгийн уул, Хонгорын элсний араар орших Баян бор нурууны уулс нь говийн томоохон хөхтөн амьтан аргаль, янгирын ихээхэн нөөц бүхий нутаг билээ. Эдгээр уулсын хөндий, бэл талаар цагаан зээр, хар сүүлт зээрийн сүрэг харьцангуй элбэг.

Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг.

Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

Галбын гурван хийд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ.

Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна.

Сангийн далай хийд

Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал айрхан хэмээх тахилгат овоо бий.Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.Сангийн далай хэмээх энэ газар хурлын дуган байгуулсан тухай түүхийн архивт “…Энх Амгалангийн дөчиндолоодугаар /1708/ онд Засаг Ваанчигийн үед Сангийн далай хэмээх газар сүм суварга байгуулж Аюуш, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Чин Улсын хаанаас “Шашныг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнав…” хэмээсэн баримт байна.Тус хийд нь Цогчин, сахиусын, Майдрын, Гүнрэгийн 4 дугантай Жүдийн, Дүйнхорийн 2 дацантай Гомбын сүм гэж жижиг сүм мөн ном хэвлэх бархантай, олон тооны том жижиг маанийн хүрднүүд, хойд талдаа 8 суваргатай байжээ.Энэ хийд нь Улаан Жамсран сахиустай 150-170 орчим лам сууж хурдаг.Томоохон лам нараас Билэгт хувилгаан /Өршөө лам/ Гомбо аграмба, Хамир зурхайч, Чимэд зурхайч, Наваанлувсан зурхайч, Чинзэй унзад, Наваан гэсгүй, Дамбий даа лам зэрэг хүмүүс байжээ.

Цам гарах, Майдар эргэх, Сор залах, Хайлан хурах, Нүгнээ сахих зэрэг шашны хурал номын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу хийдэг байна.Ер нь энэ хийдийн хурал зан үйлийн дэг жаягийг Богдын хүрээний дэгтэй гэлцдэг байжээ.100 орчим баг бүхий Цам гарах бөгөөд Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.Мандал хайрхан овоог зуны эхэн сард тахих бөгөөд хийдээс лам нар тэмээнд шүтээнээ ачиж яваад Мандал хайрханы наад ингэрт буудаллаж, майхнаа шааж, хурал хурж, идээ будаа өргөж овоогоо тахичихаад бууж Дун овооны баруун хойно ирж наадам хийдэг байжээ.Урагшаа Эхэн загийн хийд, Улаан эргийн хурал хойшоо Балгасны хийд зэрэг хурлын газруудтай холбоотой байсан бололтой.Сангийн далайн хийд нь 1936 онд хаагдсан бөгөөд хаагдахын өмнө аймгаас ДЯЯ-ны төлөөлөгч ирж хил хязгаар түгшүүртэй байгаа учир 5 хоногийн дотор хойшоо яаралтай нүү гэж шаардсаны дагуу лам хуврагууд сүм дуган бурхан тахилаа орхиод тал тал тийшээ нүүжээ.Гэтэл удалгүй хэд хоногийн дараа эзэнгүй хоцорсон сүм дуганд нь хилийн цэргийн 8-дугаар отряд ирж байрласан байна.Ингээд сүм дуган түүний доторх бурхан тахил ном судар устгагдан үгүй болжээ.Сангийн далайн хийдийн Цогчин дуганы номын нэр нь “Дашчойнхордамбадаржаалин” хэмээх нэртэй байжээ. Холбогдох эх сурвалж: 1. Монгол улсын үндэсний төв архив ФА3, д-1, хн-1011 2.Номгон сумын иргэн Сангийн Далай хийдэд шавилж байсан өндөр настан Лутын Норов гуайтай хийсэн ярилцлагаас

Шар цавын үлэг гүрвэлийн мөр

Өмнөговь аймгийн нутгаар аялахыг хүссэн хүмүүсийн заавал үзэх ёстой газрын нэг нь Шар цавын үлэг гүрвэлийн мөр билээ. Уг ховор олдвор бүхий газар нь Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт Шар цав хэмээх газар үлэг гүрвэлийн 19 мянган мөр байдаг.

Анх 1995 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатарын ахалсан Монгол-Японы судалгааны баг нээсэн юм. Тухайн үед хээрийн судалгааны ажил дуусч байсан учраас нарийн судалгаа хийгээгүй байна. 1996 онд нарийн судалгаа хийж, дөрөв, таван удаа хээрийн судалгааны анги энэ нутагт ажилласан байдаг. Дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой гэж судлаачид үзсэн байна. Учир нь нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр нь тухайн бүс нутагт хадгалагдан үлдсэн байдаг. Түүгээр ч барахгүй мөр бүхий үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон юм.

Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон бөгөөд уг мөр нь уртаашаа нэг метр 10 орчим см ажээ. Үүнийг аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэж тогтоогдсон байна. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг ба 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг гэж үздэг байна. Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий энэхүү газрыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хамгаалалтын байгууламжуудыг бариад байна.