Бурхан Халдун

Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ.

Бурхан халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд сүндэрлэх бөгөөд Улаанбаатар хотоос 279 км зайд оршино.

Бурхан халдун уул нь ар өврөөрөө битүү модоор хучигдсан, зөвхөн орой хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамалтай уул юм. Бурхан халдун ууланд дээд, дунд, доод хэмээх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг. Уулын орой нь цэлийсэн том тэгш талбайтай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байдаг. Арван давхар барилгаас ч өндөр энэ уулан дээрх шовгор нь дээд овоо юм. Бэлд байх бага овооноос дунд овоо хүртэл гайгүй сайн мориор хоёр цаг орчим зүтгүүлж хүрдэг.

Дунд овооны тэнд метр орчмын голчтой том хүрэл тогоо бий. Уулын орой дахь их овооны тэндээс доош явахад энгэр талын зуйвандуу хавцалд тунгалаг сайхан нуур бий. ШУА-ийн газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Базаргүр нэгэн шинэ санаа дэвшүүлсэн бөгөөд тэрбээр “Тэмүжин Бүрги эрэг гэдэг газар нутаглаж байхад тайчууд дайлан ирж Тэмүжин Бүрги эргээс 24 километрт орших Мөнхжаргалан уулын зүг өдөртөө зугтаасан. Энэ ууланд тэр олон жил амьдарсан. Тийм учраас энэ уул бол жинхэнэ төрийн тахилгатай Бурхан Халдун уул байх ёстой” хэмээн үзэж байна. Түүхийн урт замын эхэнд Хан хэнтий уулыг нийтэд нь Бурхан халдун гэж нэрлэж байжээ. Мөн Хэнтийн нуруунд Бурхан халдун гэсэн нэртэй 13 газар байдаг ажээ. Үүн дотроос хамгийн өндөр оргил нь Бурхан халдун нэртэйгээ үлдсэн гэнэ. Гэвч энэ бол төрийн тахилгат уул биш юм. Харин Чингис хаан дайлаар мордохдоо Мөнхжаргаланг тахиж аргаддаг байсан гэж мэдэгдэж байна.

Бурхан халдун нь Монгол хүний зүрх сэтгэл сүсэг бишрэлд гүн шингэсэн газар билээ. 1818 оноос албан ёсоор тахилга үйлддэг болсон. 1992 онд 12,000 км² талбайг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай бүс хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм. Түүнчлэн 2015 оны 6-р сард ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

Дэлүүн Болдог

Хэнтий аймгийн Дадал суманд байх Чингис хааны төрсөн нутаг гэгддэг. Улаанбаатар хотоос 580 км, аймгийн төвөөс 280 км зайтай. Монголын түүх судлалд Тэмүжиний төрсөн газрыг тодруулан тогтоох ажил хүндтэй байр эзэлсээр иржээ. Монголын нууц товчоо болон бусад сударт Чингис хааны төрсөн нутгийг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр иржээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъяан гуай 1928 онд “Ононы Дэлүүн болдог”-ийг сурвалжлан Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Гурван нуурын хойд хөвөөнд байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзжээ. Мөн “Хан Хэнтий уулын баруун өмнө зүг, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Түүний зүүн өмнө зүгт Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс Хэрлэн рүү орсон нэгэн их замыг Болдагийн ам хэмээдэг, тэр Дэлүүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн нутгийнхан ярьж байна” хэмээжээ.

Түүхэн сударт Чингис хааны мэндэлсэн газрыг “Ононы дэлүүн болдог” гэж тэмдэглэсээр ирсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамъян гүн 1928 онд Онон голын дагуу явж судлаад Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хойд хөвөөнд “Дэлүүн болдог” байна гэсэн санааг анх гаргажээ. Тэрбээр “зүүн ба баруун хоёр нуурын нэр нийлээд Дэлүүн болдог болсон тул энэ газар мөн” хэмээн үзээд, “Хэнтий уулын баруун өмнө зүгт, Хэрлэн голын баруун талд байх Дэлгэрхан хэмээх уулын өвөрт Дэлүүн өндөр хэмээх битүү модтой нэгэн тарган ухаа байхыг харлаа. Тэр ухааны зүүн урд Хэрлэн голын зүүн талд зүүн өмнөөс нь орсон их замыг “Болдагийн ам” хэмээдэг, тэнд Чингис хаан төрсөн гэж нутгийнхан ярьж байна” хэмээжээ.

Академич Х.Пэрлээ “Дэлүүн болдогийн тухай олон таамаглал буй, ихэнх нь ташаарсан. Дэлүүн болдог нь Онон, Балж хоёр голын бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд, одоогийн Дадал сумын дэргэдэх дээрээ чулуун хөшөөтэй нь Дэлүүн болдог юм” хэмээжээ. Археологич Ц.Доржсүрэн Бурхан Халдун уул, Балжун арал, Тэнгэлэг гол, Их Чилэдүгийн Олхунуд аймгаас Бөртө Үжинг авч явсан зам, Хэрлэн голын эхэн Бурги эрэг, Чингис хааныг оршуулсан ба төрсөн газар, Ихэсийн газар, Хэрлэний хөдөө арал, Хэрлэнгийн арал зэрэг газруудыг нарийн харьцуулан шинжлээд Чингис хааны төрсөн газар бол О.Жамъян, Х.Пэрлээ нарын үзсэн Онон, Балж хоёр голын уулзвараас дээхнэ орших, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон дэлүү мэт хэлбэртэй том хошуу мөн. Эл Дэлүүн болдог нь Чингис хаан ба түүний өвөг дээдсийн үндсэн гол нутаг бөгөөд Чингис хаанаас өмнөх болон өөрийнх нь үе, түүнээс хойшхи олон чухал үйл явдлуудтай холбоотой газруудаар тойрогдсон байна” хэмээн үзжээ. Эрдэмтэд Дэлүүн гэдэг нь “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдэг нь “дов, гүвээ” гэсэн утгатай хэмээн тайлбарласан.

Домогт өгүүлснээр, Есүхэй баатарын гэрийн буурь Гурван нуурын Дундах нууранд эдүгээ далд орж харагдахгүй болсон арал газарт байсан. Гартаа нөж атгаж морин жил, морин цагт төрсөн ууган хүүгээ “баатар хүү төрлөө” хэмээн Есүхэй баатар бэлгэшээж тамгалаагүй шарагч гүү төхөөрч Өүлэн хатанд шөл уулгаад, тэр гүүнийхээ дэлүүг газарт булсан нь “дэлүүн булдаг” гэж нэрлэгдсээр эцэстээ “Дэлүүн болдог” нэртэй болсон. Үүнээс үүдэлтэйгээр Зүүн нуурыг Дэлүүн, Дунд нуурыг Булдаг гэж нэрлэдэг байсан гэх домог бий. Одоо яригдаж буй Дэлүүн болдог нь Гурван нуураас ялимгүй хойхно орших модтой толгой ажээ.

2012 онд Монгол, Орос, Японы эрдэмтэд нийлж судалгааны үр дүнг үндэслэн Дэлүүн болдогийн урд толгой дээр энергийн овоог босгож, энергийн үзүүлэлтийг хэмжихэд 99.6 хувь байсан ажээ. Овооны архан талд байх “Хүслийн мод”-нд хүслээ шивнээд “Энергийн овоо”-ноос энерги аваад буухад тухайн хүн “сайн явах” учиртай хэмээн нутгийн олон бишрэн хүндэтгэдэг.

Дунд нуурын дунд байсан гэх том хар чулуу бүхий газар нь 1920 оны үед нуурынхаа усанд автаж үзэгдэхгүй болсон гэдэг. Сүүлийн үед нуурын усны төвшин багасаж байгаа учир удахгүй Болдог толгойн тэрхүү хүйн чулуу ил гарч ирэх байх гэж нутгийн хүмүүс ярьдаг ажээ.  

Онон голын урдуур урсах Улз голын хөндийгөөр зүүн тийш Манжуур хүртэл үргэлжилсэн шороон даланг Чингисийн хэрмэн зам гэдэг. Бэр хүн хадам эцэгтээ тэр бүр харагдаад байдаггүй ёс заншлын дагуу өндөр далан босгож хоёр талаар нь их нүүдэл хийж, далангийн гонзгой зураастай газарт амарч, гурвалжин зураастай газарт үлдэж, дөрвөлжин зураастай газарт хоноглодог байсан гэх домогтой.

Тэмүүжинг хаан ширээнд өргөмжлөх ёслолын үед Онон голын эрэг дэх толгойд арц, агь, ганга, далийн цэцэг зэрэг анхилам үнэртэй ургамал шатааж их сан тавьжээ. Тийм учир тэр толгойг “Сангийн тавиур” гэж нэрлэжээ. Чингис хаан аян дайнд мордохын өмнө Их хар тугаа уулын оройд залж, бөө мөргөлийн ёс үйлдэж, цагийг үзүүлж, тэнгэр сүлдээ дуудан мөргөж, хийморь лундаагаа сэргээж, их хэнгэргээ цохиж, их цэргээ хөдөлгөдөг байснаас “Тугийн овоо” гэдэг байжээ. Хожим “Баян овоо” гэж нэрлэгдсэн ба энэ овоо буй уулын урд энгэрт Дадал сум суурьшжээ. Дэлүүн болдогоос баруун тийш 10км зайд орших голыг МНТ-нд олонтаа дурдагдсан “Түнхэлиг горхи” мөн гэж үзсэн ба Бурхан Халдун уулан дээрээс харагддаг. Энэхүү Тэнгэлэг гол бол “Бодончарын амьдарч байсан Балж арлын Тэнгэлэг гол мөн” хэмээн “Сувдан сондор” аяллын багийнхан тогтоожээ.

Бурхант, Шургадай, Оргойт гэсэн гурван оргилтой Баянхаан уул нь Дэлүүн Болдогоос баруун тийш 30км зайд байх ба Чингис хаан мэргидүүдээс зугтаж нуугдан амьд гарсан уул, Чингис хааны “үеийн үед тахиж байя” гэж андгайлж мөргөсөн Бурхан Халдун уул мөн гэж нутгийнхан үздэг.

Дэлүүн Болдогоос хойш Балж голын зүүн хойно үргэлжлэх уужим хөндийг Маралын буюу Марааны тал гэдэг. Энд Бартанбаатарын хатан Марал амьдарч байсан гэх домогтой. Дэлүүн болдогоос баруун тийш 12км зайд Тэнгэлэг горхины адаг хавийн хойд дэнжид маш эртний гэгдэх босоо чулуун хөшөө бий. Үүнийг Дува сохор, Добу мэргэний хөшөө хэмээнэ. Дэлүүн болдогоос 11км зайд Тэнгэлэг горхины адаг Балж голын нэг тохойг Балжийн арал гэдэг. Тэнд боржигон овгийн дээд өвөг Бодончар мунхаг өвсөн эмбүүл босгон аж төрсөн түүхтэй. Дэлүүн болдогоос баруун хойш 20км зайд Чингис хааны цэргийн зэр зэвсэг, тэрэг тоногийг засч сэлбэдэг дарханы газар байсныг “Сэлбэгийн дэв” хэмээнэ. Онон голын хойгуур урсах жижиг голыг “Уулзахын гол” гэх ба энэ голын дэнж дээр Чингис хаан их цэргээ жагсааж, аян дайны тухай ярилцаж зөвлөдөг байсан ажээ. Хожим ойрадын Галдан хаан Уулзахын голд очиж зүүн Монголын ноёдтой уулзсан баримт бий. Уулзахын гол он цагийн явцад “Угалзарын гол” болжээ. Энэ мэтчилэн Хэнтий аймгийн Дадал сум нь Монгол хүн бүрийн зорьж очих, сонсож мэдэх домог түүхийн өлгий юм.

Чингис хаан хар усан морин жил буюу 1162 онд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газар Есүхэй баатарын Өүлэн хатнаас мэндэлжээ. Дэлүүн болдог нь Онон Балж голын бэлчирээс дээхнэ, Ононы зөв талаас зүүн хойш чигтэй гол руу түрж тогтсон том хошуу юм. Үнэхээр дэлүү мэт хэлбэртэй гэж хэлж болохоор бөгөөд хойд өргөрөгийн 49.03.143, зүүн уртрагийн 111.38.546 хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982.8 метр өндөрт оршдог. Алсаас харахад дэлүү хэлбэр нь арай тод харагддаг ажээ. Дээр нь Чингис хааны төрсөн “Ононы Дэлүүн болдог” хэмээн уйгаржин монголоор бичсэн байна. Эрдэмтэд “Дэлүүн” гэдгийг “өргөн дэлгэр” хэмээх утгатай, “болдаг” гэдгийг “дов, гүвээ” гэсэн утгатай гэх мэтээр тайлбарлажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах, Ч.Буянбадрах “Монгол орны лавлах” эмхэтгэл ном

Хэрлэнгийн хөдөө арал

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн ус /Сэнгүр горхи/– оор хязгаарлагдсан 4000 орчим ам дөрвөлжин км нутгийг эзэлсэн уул тал хөндий хосолсон хээрийн бүс нутаг.

Энэ нутгийн ихэнх нь Дэлгэрхаан сумын нутагт байгаа бөгөөд 1962, 1998 онд Улсын нөөц газар болгожээ. Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоо бичигдэж дууссан учир 750 жилийн ойгоор Чингисийн номын гэрэлт хөшөөг босгосон. Хэрлэнгийн Хөдөө арал бол монгол төрийн голомт нутаг бөгөөд энд үе үеийн хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, монголын анхны нийслэл, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байсан юм. Энд одоо улс аймаг, орон нутгийн хамгаалалтанд албан ёсоор орсон 10 гаруй дурсгалт газар бий.

Монголын анхны нийслэл их “Аураг” хотын балгас, нууц товчооны 750 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө зэрэг биет дурсгал байхаас гадна Монголын бүх цэргийн хар сүлд энэ нутагт бүтээгдэн залагдсан, алтан ургийн томоохон хаадууд хаан ширээнд суусан, Хулан хатан, Тулуй эзэн, Өндөр гэгээн Занабазар зэрэг түүхэн хүмүүстэй холбоотой газар нутаг, уул ус олон байдгаас гадна нууц товчоо болон бусад сурвалж бичиг, ардын аман домог яриа зэрэгт тэмдэглэгдэн хадгалагдаж үлдсэн Арван гурвын овоо, Долоон болдог, Шилхэнцэг, Аураг, Ацаагийн хад, Цоож чулуу, Ар өвөр хүйтэн, Чингисийн зам, Гүүн зэл, Далту ам, Сайр хээр, Харилд нуур, Хөдөө бүрд, гүн бүрд, Сэнгүр горхи, Хэрлэн гол, Гуа дов, Бөөгийн хэвтэш, Цэнхэр ус, Ухаа хаяа, Тугийн хоёр цохио, Тангарагийн улаан чулуу, Улаан булш, Булшит дэрс, Хар тал, Хөх нуур, Хүннүгийн дарлага, Таван зэрэг олон арван газар усны нэр түүх, домог болон өнөөг хүртэл уламжлагдан иржээ.

Хар зүрхний Хөх нуур

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан «Чингис хаан» буюу «Далай их хаан» цол өргөмжилжээ. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

Дуурлиг нарсны дурсгал

Монголын зүүн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгал.

Дуурлиг нарсны дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын төвийн Сумын төвөөс баруун урагш 2 км орчим зайд орших нарсан ойд тархсан Хүннүгийн язгууртны булшнууд юм. Энд нийт 299 булш тоолж бүртгэснээс дийлэнх нь үүдэвч бүхий язгууртны булшнууд ажээ. Дуурлиг нарсны булшнуудыг Хүннү гүрний зүүн жигүүрийн ихэс язгууртны оршуулга хэмээн таамагладаг.

Үүдэвчтэй булшнууд нь хэмжээгээр харилцан адилгүй. Хамгийн том нь оршуулгын газрын зүүн хойд захад байрлах бөгөөд түүний гол байгууламжийн хэмжээ 40х40 м, үүдэвч нь 60 м орчим урттай юм. Үүдэвчтэй булшны жижиг нь 5х5 м орчим хэмжээтэй, 5 м хүртлэх урт үүдэвчтэй байна. Оршуулгын газрын ихэнхи булш 10-15 м, 20-25 м орчим хэмжээтэй ажээ.

Дурсгалт газрыг анх 1974 онд Х.Пэрлээ агсан илрүүлсэн ба 1991 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд анх дэвсгэр зураг, зарим булшны тодорхойлолтыг нийтлэсэн байна. 2006-2011 оны хооронд Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хээрийн шинжилгээний анги дэвсгэр зургийг шинэчлэн үйлдэж, оршуулгын газрын баруун өмнөд хэсэгт байрлах 3 язгууртны булш, 13 жижиг болон дагуул булшийг малтан шинжилжээ.

Дуурлиг нарсны булшнууд харьцангуй баялаг олдвортой юм. Хүрэл гүц, цар, дэнгийн цөгц, толь, чий будагтай аяга, хувцасны чимэг зүүлт, хаш чулуун эдлэл, төмөр хоолны халбага, шүүлтүүр, адуу малын тоног хэрэглэл, сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг олон төрлийн олдворууд илэрчээ. Олдворууд дунд Хятадын Хан улсаас гадна Дундад Ази, одоогийн Афганистаны нутагт хийсэн чулуун сувс зэрэг ховор эд зүйлс байжээ. Мөн 2-р булшийг малтах явцад эрт цагт булшийг тонох үед ашигласан бэхэлгээ модны үлдэгдэл илэрч, түүнээс авсан дээжийн он цаг НТ I зууны төгсгөлд холбогдохоор гарсан нь Хүннүгийн булшийг тонож сүйтгэсэн цаг хугацааг тодруулахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна.

Рашаан хад

Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэр уулын зүүн урд байрлана. Рашаан хадны дурсгалт газрыг анхлан Х.Пэрлээ олж илрүүлэн судалгааны эргэлтэд оруулжээ. Тус сууринд чулуун зэвсгийн малтлагыг анх 1974 онд Х.Пэрлээ хийж улмаар МЗТСХЭ-ийн анги 1980, 1981 онд бага хэмжээний туршилтын малтлага хийсэн. 2011-2014 онд Монгол-Солонгосын хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги тус сууринд ажиллаж малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон. Рашаан хадны суурин нь палеолитын дээд шатны эхнээс мезолит, неолитын үе хүртэлх олон соёлт давхарга бүхий томоохон суурин юм. Дээд палеолитын үеэс эхлэн дундад эртний үе хүртэлх олон мянган эд өлгийн зүйл малтлагаар илэрсэн байдаг. 2011-2014 онд хийсэн малтлага судалгааны дүнд он цагийн хамаарлын асуудлыг нарийн тогтоосон байна. Тухайн жилүүдэд хийсэн малтлага судалгааны дүнд 7800 орчим чулуун зэвсгийн дурсгал илрүүлэн олсон.

Чулуун зэвсгийн дурсгалаас гадна Рашаан хадны цохио хаднаа палеолитын үеэс дундад эртний үе хүртлэх хугацаанд холбогдох хадны зураг, тамга тэмдэг, олон хэвийн бичээс сийлээстэй байхаас гадна энгэр, ээвэр газраар булш, тахилгын байгууламж зэрэг археологийн дурсгал нэн элбэг.

Рашаан хадны палеолитын хадны зураг

Рашаан хадны палеолитын сууринд хийсэн малтлагаас илэрсэн ясны дээжинд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 35630 ±180, 41340-40353, 35070±180, 40905-39436 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон.

Рашаан хадны бичиг үсгийн дурсгал: Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Орхон-енисей, Кидан, Араб, Перс, Түвд, Монгол, Манж бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ. Рашаан хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлэн судалжээ.

1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлыг судлах экспедици Рашаан хаданд байх бичээсүүдийн нарийвчлан судалж байхдаа өөр нэгэн Түрэг бичээс байгааг тодруулсан. Энэхүү хоёр дахь бичээсийн мөрний урт нь 60 см, үсэг зурлагын өндөр нь 17-20 см. Бичээсийн хойд талд нь янгирын дүрс сийлжээ. Анх олдсон Түрэг бичээсийг С.Харжубай, Х.Пэрлээ нар “атам апам ачигнун” гэж үгчлэн буулгаад орчин цагийн монгол хэлнээ “Эцэг өвгөдийн шан хишиг” гэж тайлжээ. Харин хоёр дахь Түрэг бичээсийг “сат атыч ерти” хэмээн үгчлэн буулгаад “Зоригтой ач хүү билээ” гэж орчуулжээ.

Рашаан хадны зураг: Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаарах ажээ. Рашаан хаданд хуучин чулуун зэвсгээс дунд чулуун зэвсгийн үед хамаарах олон зуун тамга тэмдэг, амьтдын зураг, олон хэлээр бичсэн бичээсүүд хадгалагдан үлджээ. Х.Пэрлээ 1943,1968 онд судалгаа хийсэн бөгөөд зүүн зүг рүү харсан боржин чулууны нүүрэн талд 180, ар талд нь 40 гаруй, сэрвээнд нь 50 гаруй дүрс тэмдэг сийлснийг олж тогтоосон байна. Рашаан хадны баруун талын нэгэн хаданд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай арслан зааны их биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн нь Уралын Каповой агуй болон Европын агуйнуудад дүрсэлсэн арслан заануудын дүрстэй тун төстэй ажээ. Бас нэгэн хавтгай хаданд гурваараа сүрэглэн яваа савагт хирсийг дүрслэхдээ сүрлэг том биетэй, өндөр сэрвээтэй, богино хөлтэй, хоншоороос дээш ээтийж гарсан хамар дээрхи эвэр, соёо зэргийг онцлон зуржээ.

Балдан брайвун хийд

Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт хийдийг анх 1813 онд байгуулжээ. 

Арын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Тус хийд нь Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ дөрвөн сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан.

Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000 ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд зарим нэг өөрчл өлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан.

1900 оны үед тахал гарч хийдийн лам нарын тэн хагас нь өртсөн байдаг. 1930 оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937 оноос хийдийг устгаж эхэлжээ. Түүнээс хойш бараг 60 жилийн турш тэр зүг рүү хүний хөл гишгэхийг хориглосон. 1990 оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ. Харин одоо анх байсан байдлаар нь сэргээн засварлах ажил хийгдэж эхэлсэн байна. 2006 оноос тус хийдийг Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар тусгай хамгаалалтад авсан байна. Тэр үеэс өнөөг хүртэл аялагчид жуулчид мөргөлчид тасралтгүй очдог байна.

Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг.

 Сэцэн ханы ордон музей 

Сэцэн ханы ордон музей байрлаж буй энэхүү барилгыг 1828 оны үед барьжээ. Түүхэнд “Буурал амбан” хэмээн авгайлагддаг 16 дахь үеийн Сэцэн хан Артсэд нь Төргэрэлтийн 6-р он буюу 1826 онд /XYI жарны улаан нохой жил/ өөрийн дээд хаадын бурхан шүтээнийг “Талын буудал” гэдэг газраас нүүлгэж Өндөрхаан уулаас урагш Хэрлэн голын хойд зах “Цагаан эрэг” гэдэг газар, одоогийн Чингис хотод байрлуулсан гэдэг. Үүнээс 2 жилийн дараа Сэцэн хан Артсэд аймгийн ханы нэрээр “Сэцэн ханы өргөө” гэж нэрлэн “Алтан жан” хэмээх хөх туйпуун байшин, хэрэм, ямпай, чийга зэрэг хэд хэдэн барилга, сүмийг хятад ажилчдаар бариулжээ. Түүнээс хойш сүм хэлбэртэй барилга нэмж бариулсан гэсэн материал архивт тэмдэглэн үлдсэн байна.

Ардын домог ярианаас үндэслэн Алтан жанг анх бариулахдаа Сэцэн хан Артсэд нь“Манжийн хааны шавдан үүрд бат байхын тулд би буман Осоржам бүтээх тул түүнийг залахад хүрэлцэх сүм дуган бариулж өгнө үү” хэмээн Манжийн хаанд айлтгасан ёсоор манжийн хааны зарлигаар хятадууд ирж барьсан байна. Алтан жанг бариулж дуусаад түүнийг “Их яам” гэж нэрлэн Сэцэн хан өөрийн орон сууц болгосон бөгөөд буман Осоржам бүтээхдээ сацны хэв шиг хэв хийлгэж нэг хэвэнд зуу мянган Осоржам бүтээсэн болж нэг сүмд ганц ширээн дээр багтааг тавьж, Манжийн хааныг мэхлэн хувьдаа орон сууцтай болсон гэдэг домог яриа байдаг аж.

Сэцэн ханы ордон Алтан жан нь гадуураа хэрмэн хашаатай, дотор нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм гэж хуваадаг байсан. Улаан хэрэмд нь хааны үеэс үед улиран тахиж шүтэж байсан шүтээний сүмүүд, цагаан хэрэмд хааны сангийн сүмүүд, бор хэрэмд хааны ажил хэрэг явуулдаг газар байжээ. Алтан жан нь анх 30 орчим сүм, дуганаас бүрдэж байсан ба ховор нандин зүйл хадгалж байсан сангийн сүмүүд, аймгийн хэргийг шийтгэж хөтөлдөг тамгын газар зэрэг байрлаж байсан таван сүм өдгөө хадгалагдан үлджээ.

Тэдгээр үлдсэн сүм хийдийн барилгыг 1982 онд сэргээн засварлан угсаатан зүйн музей болгон ашиглаж иржээ. Сэцэн ханы ордон нь Монгол Улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгал мөн учир Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд Өглөгчийн хэрэм оршдог. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Уг хэрэм ойролцоогоор гурван километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан гэхээр оромтой аж. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд бий. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй юм. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан хэмээн таамагладаг.