Долоон нуурын Улаан толгойн бичээс

Мөнххайрхан сумын төвөөс баруун зүгт 20 гаруй км зайд Долоон нуурын Улаан толгойн зүүн урд боржин чулуун хаданд гурван хэсэг бичээс бий. Төв болон Дундад Азиар дэлгэрч байсан Христосын шашны Нэсторуудын хэрэглэж байсан эртний сири бичиг болохыг тэмдэглэжээ.

Цэнхэрийн агуй

Хойд цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйн хана болон дээврийн хэсэгт 40,000 жилийн тэртээх олон янзын амьтны сүг зураг түүн дотроо тэмээн хяруул, тэмээ, арслан заан, ордос үхэр, мод зэргийг дүрсэлсэн түүхэн дурсгал бий. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар будсан байна. Түүнчлэн зургуудын дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухайл байр суурь эзэлдэг.

Хар ус нуур

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ.  Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ. Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна. Гэвч Хар ус нуурын хөвөө орчмын айлууд зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэжээ. Үүнээс болж хорт өвсний тархац нэмэгдэн малын бэлчээр хомсдож байгаа ажээ.

Мөнххайрхан уул

Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан уулаас эх аван урсдаг. Мөнххайрхан уулын газар нутагт хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд нь бий. Дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, алтан зул, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд, казакууд оршин суудаг. Түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой. Байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд 301213 га талбайг хамруулан улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

Баянзүрхийн буган чулуун хөшөө

Монгол орны хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудын дотор буган чулуун хөшөө онцгой байр суурь эзэлдэг. Буган чулуун хөшөө Монгол орны баруун болон баруун хойт хэсэг, Тува, Байгалийн чанад нутагт үлэмж тархжээ. Буган чулуун хөшөөг эдүгээ зарим судлаач баруун хойт Монголын биеэ даасан соёл хэмээн үзэж байна. Археологичдын судалгаагаар өдгөө Монгол орны нутгаас нийт 500 гаруй буган хөшөө олдоод байгаагийн нэгэн хэсэг нь Ховд аймгийн Мөст сумын нутаг Бодончийн гол сав дахь Баянзүрхийн буган чулуун хөшөөд юм. Эдгээр хөшөөд нь д.т.д 2502 метрийн өндөрт байрлана. Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг.

Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм. Дээрх дурсгал буй газар орон нь эртний түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг. Тухайлбал буган хөшөөдөөс чанх өмнө зүгт овоолоостой хүрээ далантай хэд хэдэн том хиргисүүр, 10 гаруй булш буй бөгөөд энэ нь Баянзүрхийн хөндий Баруун Монголын эртний түүх соёлын чухал бүс нутаг агсныг илтгэнэ.

Алтанхөхийн уул

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна. Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ. Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг.  Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

Алтанхөхий уулыг 2005 оны 3-р сарын 30-нд Ерөнхийлөгч Н.Багабандийн 44 тоот зарлигаар “Төрийн тахилгат уул” болгож, анхны тахилгыг 2005 онд болжээ.

Харуул овоо

Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урагш 15 км-т, Үенч сумын төвөөс хойшоо 25 км-т Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж байдаг бөгөөд үүнийг нутгийнхан Харуул овоо хэмээн нэрлэдэг. Овоог хар саарал өнгийн занарлаг чулуугаар өрж үелүүлэн босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг аж. Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж цамхаг хэлбэртэй харагддаг аж. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим юм. Тус овоог нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу, ямар нэгэн дохио болгох зорилгоор байгуулсан гэж судлаачид үзэж байна. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм.

Ямаан-Усны хадны зураг

Алтай, Үенч сумын нутгийн зааг Заагт уул, Алаг тэхт уулын хоорондох өндөр цавчим хадан хясаагаар зааглагдсан хавцлыг “Ямаан Усны хавцал” хэмээдэг. Уг хавцал нөмөр нөөлөг ихтэйгээс гадна хэсэг бусаг газарт булаг шандтай тул нутгийнхан ихэвчлэн хаварждаг байна. Хавцалд янгир ямаа усанд ирдэг жимтэй тул Ямаан-Ус хэмээх нэрэндээ их л зохицжээ. Ямаан-Усны хадны зургийг анх Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач М.Амгалан Алтай, Үенч суманд уран бүтээлийн ажлаар явж байх үедээ нутгийн хүмүүсээс дуулж, газарчлуулан очиж анхны хуулга хийжээ. Ямаан-Усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана.

Цамбагаравын хар хадны зураг

Хар хадны зураг нь Ховд аймгийн төвөөс 90 орчим км зайд д.т.д 2025 метрийн өндөрт Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын өвөр сугад оршдог. Өгүүлэн буй зургууд нь уулын урд энгэрийн толигор хаданд 10 орчим метрийн өндөрт байрлана. Зургууд нь маш тод. Энэ хаданд өөр өөр үед холбогдох нэлээд тооны зураг бий. Үүнд: олон салаа эвэртэй буга, том эвэртэй янгир, тэмээ, үнэг, нохой, хуягт морин цэрэг зэрэг болно. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хуягт морин цэргийн зургууд юм. Уг хаданд нийт 6 хуягт морин цэргийн зураг дүрсэлжээ.

Ишгэн тогойн хадны зураг

Ховд аймгийн Манхан сумын төвөөс 7 километр газарт, хойд Цэнхэрийн гол орчимд байдаг толгой хад юм. Тэр хаданд хүн, мал, амьтны 150 гаруй дүрсийг биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж хонхойлгон сийлжээ. Хүний дүрс 1, адууны 18, үхрийн 13, буга хандгай, гөрөөсний 19, тэмээний 1, янгирын 17, аргалын 11, могойн 5, барын 3, янз бүрийн тэмдэгний дүрслэл 9, ямар амьтан болох нь тодорхойгүй 53 дүрс дүрслэл байдаг. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Ишгэн толгойн хадны зураг дүрслэл юм. Нөгөө хоёр нь Цэнхэрийн агуйн зураг, Чандманы Хар үзүүр хадны зураг юм.  Ишгэн толгойн хадны зурагт эрээн барны зураг байсан учраас Монгол нутагт бар амьдарч байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн төдийгүй барын эрээн цоохор дүрслэлийг маш сайн гаргаснаараа онцлог юм. Хойд цэнхэрийн агуйн зурагнаас ялгаатай нь хаданд сийлбэрлэж зурсан байдаг. Мөн энэ орчмоос судлаачид хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хучдас зэвсэг бүхий чулуун эдлэлийг олноор нь олж судалсаар байна.

Энэхүү Цэнхэрийн голын хөндийд эртнээс нааш нутаглан ан гөрөө хийн амьдарч өөрсдийн хийж бүтээсэн, хэрэглэж байсан хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй урлаг соёлын гайхамшигт бүтээлүүдээ үлдээжээ. Ишгэн толгойн хадан дээрхи амьтадын зураг дүрслэл нь энд тэнд байхаас гадна дурын зүгтээ хандуулан зурсан байдаг. Сийлбэрийн өнгө нь он цагийн эрхэнд баларч бүдгэрэн хадны өнгөнөөс бараг ялгарахгүй болсон бөгөөд гараар тэмтэрч үзэхэд сийлбэрлэж зурсан нь мэдэгдэхээр байдэг. Энэ нь нэн эртнийх гэдгийг илтгэж байна. Өөр бусад хадны сүг зурагтай харьцуулж үзэхэд ихэнх зураг салхины нөмөр талд дүрслэгдсэн байдаг бол Ишгэн толгойн хадны зураг нь салхины өөдөөс харсан талд байнга салхиар үлээгдэж байхаар газарт зурагдсан байдаг. Урлаж сийлсэн амьтадынхаа онцлогийг тод гаргахыг хичээсэн нь илт байх бөгөөд янгирын эврийг гоёмсог нум хэлбэртэйгээр нуруунд нь хүргэлгүйгээр дүрсэлсэн бол аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр үзүүртэй нь давхардуулан махирлуулсан байдлаар зурсан байна. Амьтадынхаа биеийн ерөнхий тигийг хөвөөлөн цохиж, толгойн хэсгийг бүхэлд нь хонхойлгон дүрсэлсэн. Энэ нь тухайн цаг үеийн зураг урлалын нэгэн арга гэдгийг илэрхийлж байгаа ажээ. Мөн амьтадын хэвлий хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон арга барил ч бас ажиглагдана. Ишгэн толгойн хаданд адуу үхэр, буга гэх амьтадын эр хүйс илэрхийлсэн дүрслэлийг хийхдээ хадыг хонхойлгон сийлсэн байдаг.

Баатархайрханы хадны сүг зураг

Баатархайрханы хадны зургийг 1969 онд Монгол – Оросын археологичид илрүүлэн судалжээ. Энэ ууланд нэлээд тооны зураг байдаг бөгөөд эдгээр зургуудыг сийлэхдээ их төлөв биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохисон байдаг байна. Судлаачид тэдгээрийг хүрэл зэвсгийн үед холбогдуулан үздэг.