Чойрын Богд уул

Говьсүмбэр аймгийн Чойр хотоос зүүн урагш далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн уул юм. Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

Зүүн жанжин Чойрын хийдийн туурь

Түшээт ханы Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг. Баруун Чойр нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж бичсэн мэргэд олон төрж гарчээ.

Цагаан Дарь эх

Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. Энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон долоон тохой хагас талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм. 1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.

Хүүхдийн цагаан овоо

Говь-Сүмбэр аймгийн нутагт орших эл овоог нутгийн ардууд анх цагаан овоо хэмээн нэрлэдэг байжээ. Харин хожим нь хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтсээр иржээ. Цагаан овоо гэж нэрлэдэг байсны учир нь тус газрын ойр орчмын уул хад нь боржингийн зүүн зах болдог бөгөөд боржин чулуун хадан дунд ганцхан энэ чулуу цагаан байсан учир тийн нэрлэдэг байсан байна. Энэхүү овоог тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Хүүхдийн цагаан овоонд очихдоо өргөө гэрээ зөгнөн барих, хүүхэд гуйх, хүүхдээ даатган залбирах заншил тогтжээ. Цагаан чулуугаар гэр барих нь угсаатны соёл юм. Нутгийн зон олон энэхүү хүүхдийн овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж, улмаар овоог тойруулаад нэг жижиг овоо босговол хүүхэдтэй болдог хэмээн сүслэдэг байна. Хүмүүсийн яриагаар овоонд мөргөөд үрийн зулай үнэрлэсэн олон бүсгүйн домгийг хуучилдаг юм билээ.

Дагвасүндэл бурхан

Бурханы зургийг 317см өндөртэй бүтээсэн бөгөөд бурханд эдүгээ эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн бурхан юм. Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн бурхан юм. Бурхны нэр нь ДАА ЧАГ СОН юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт бурхадын нийлбэр гэсэн үг ажээ. Очирваань бурханы орой дээр Хаянхаярваа бурханы титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурханы бэлгэдэл хангарьд шувууг дүрслэжээ. УМ БАЗАР ВААНИ ХАЯН ХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх тарнийг уг бурханы дүрслэлийн доор бичжээ. Бичвэрийн хэмжээ 220 см,165 см хэмжээтэй, зураасны өргөн нь 15-50 мм юм. Энэхүү бурханыг байгаль дэлхийн барилдлага, таталцал энергийн хуулиар машид зөв бүтээгдсэн учир ноён суудал хийгээд, албан тушаал дэвших, зэрэг цол ахихад машид сайн хэмээн үзэж бүтээгдсэн цагаас өдгөө хүртэл шүтэн золгосоор иржээ.

Цоорхойн рашаан

Чойрын богд уулнаас баруун тийш уулын хормойд тал газарт Цоорхойн рашаан байдаг. Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээн нутгийн иргэд амны усандаа хэрэглэж иржээ. Нутгийнхан рашаан хэмээн дээдэлж магнайдаа хүргэн амсдаг нь ариун дагшин байгалиа хайрлаж ирсэн уламжлалтай. Газрын хөрснөөс даруухан цоолдон гарч ундардаг тул цоорхой рашаан хэмээн нэрлэх болжээ. 2018 онд тус рашааныг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна

Сүмбэр хайрхан

Аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т далайн түвшнээс 1585 м өндөр .VI-р зууны үеэс эхлэн тахиж ирсэн гэх аман яриа байдаг. 1800 оны эхэн үед дан эрчүүд тахиж байсан түүхтэй. Эр хүний уул буюу харуул уул, түшмэл уул гэх нь ч бий. Тал хээрийн бүсэд орших ганц хайрхан тул хүний ганц хүүд ээлтэй сайн, нөмөр уул хэмээн үзэж хэдэн зуунаас эрчүүд хаврын тэргүүн, зуны тэргүүн саруудад тахин морь уралдуулж иржээ. Эртнээс нааш адууны нутаг байсаар ирсэн энэ хайрхан нь зудтай жил ч адуунд ээлтэй нөмөр нөөлөгтэй говийн хайрхан юм. Энэхүү хайрхан нь хад асга багатай өндөрлөг юм. Сүмбэр хайрханыг эр хүн, үрээ морь хоёрын уул ч гэдэг. Сүмбэр хайрханд уяачид гарч хийморио сэргээдэг. Хайрханы зүүн хойно Уяан товог гэх түүхэн газар ч бий. Хайрханыг тойрон морь уяж, сунгаа хийж наадмын бэлтгэлээ базаадаг морины нутаг ажээ. Сүмбэр хайрханд Боржигины алдарт уяачид ихэд сүслэн шүтэж иржээ. Энэ хайрханы орчмоос Боржигины хурдан хүлгүүд, алдарт уяачид төрөн гарсан байдаг. Сүмбэр хайрханы арын Уяан товог хэмээх газар Морин Спорт уяачдын холбооноос дурсгалын хөшөөг 2011 онд босгожээ.